“Түрэг судлал” улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурал боллоо

МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Орон судлал /Турк/ салбар, түүний дэргэдэх “Таван ухаан” клуб хамтран руни бичгийг тайлж уншсаны 132 жилийн ой болон ЮНЕСКО-оос 12-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн түрэг хэлт ард түмнүүдийн хэлний өдөр” болгон зарласныг тохиолдуулан “Түрэг судлал” сэдэвт улсын хэмжээний оюутны эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн хичээлийн хоёрдугаар байрны 110 тоотод амжилттай зохион байгууллаа.
Хурлыг Ази судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Ундрах, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, дэд профессор О.Самбуудорж нар нээж үг хэллээ.


Уламжлал болгон зохион байгуулдаг тус хуралд МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар, Нийгмийн ухааны салбар болон МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулиас нийт 15 оюутны 13 эрдэм шинжилгээний илтгэлийг хэлэлцүүлж дүгнэлээ.
Хурлын ахлагч шүүгчээр доктор, дэд профессор О.Самбуудорж, МУИС-ийн Түрэг судлалын анхны төгсөгч, түрэг судлаач, Монголын түрэг судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ЭША, докторант /Ph.D(c)/ Лха.Батбилэг, Монголын үндэсний музейн Эрдэм шинжилгээний судалгааны төвийн Археологи, антропологийн секторын эрхлэгч, докторант /Ph.D(c)/ Г.Бүрэнтөгс нар ажиллаа.

Шүүгчдийн нэгтгэсэн дүнгээр:
- Тэргүүн байрыг Э.Энхмандах (МУИС, ШУС, ХУС, Ази судлал-IV), Судалгааны сэдэв: “Монгол, турк хэлний олон тооны зарим нөхцөлийг харьцуулан судлах нь” (удирдагч: докторант /Ph.D(c)/, багш Т.Загарпэрэнлэй),
- Дэд байрыг Э.Өсөхбаяр (МУИС, ШУС, НУС, ААХАЗ-IV), Судалгааны сэдэв: “Түрэг, Уйгурын үеийн хүний ясан дээрх өвчлөлийн судалгаа” (удирдагч: доктор /Ph.D/, профессор М.Эрдэнэ),
- Гутгаар байрыг Б.Номинзаяа (МУИС, ШУС, НУС, ААХАЗ-III), У.Баярхүү (МУБИС, НХУС, Түүх-III) Судалгааны сэдэв: “Түрэгийн тахилын онгон дахь чулуун арслан болон чулуун хонины утга агуулгын тухай” (удирдагч: доктор /Ph.D/, дэд профессор Ж.Гантулга),
- Тусгай байрыг О.Намуунгоо (МУИС, ШУС, ХУС, Ази судлал-III), Судалгааны сэдэв: “Алти Сир буюу Зургаан Эшир аймгийн нэрийн тухайд” (удирдагч: доктор /Sc.D/, профессор Ц.Баттулга),
- Төгсөгчдийн нэрэмжит шагналыг Э.Энхжин (МУИС, ШУС, ХУС, Ази судлал-IV), Судалгааны сэдэв: “Монголын нууц товчоо дахь “чөх буга” зүлдийг тодруулах нь” (Удирдагч: Доктор /Sc.D/, профессор Ц.Баттулга) нар шалгарлаа.


Хурлыг зохион байгуулахад дэмжин ажилласан МУИС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүх, угсаатын зүйн хүрээлэнгийн захиргаа, удирдлага, хуралд оюутан залуусыг судалгааг удирдан чиглүүлж оролцсон нийт эрдэмтэн багш, оюутан залуус, төгсөгчид та бүхэнд халуун талархал илэрхийлэхийн зэрэгцээ цаашдын эрдэм судлалын ажилд нь улам их амжилт хүсэн ерөөе.
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ
ТУРК ОРОН СУДЛАЛ

