ЯПОН ХЭЛ СОЁЛЫН ӨДӨРЛӨГ-ХЭЭРИЙН ХИЧЭЭЛ 2026 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ази судлалын тэнхимийн япон судлалын хөтөлбөрийн багш, оюутнууд “Япон хэл соёлын өдөрлөг-Хээрийн хичээл 2026” үйл ажиллагааг Тэнгэр Ресорт жуулчны баазад амжилттай зохион байгууллаа. Эдүгээг хүртэл хээрийн хичээлийг Японы бийрэн бичлэг, цайны ёслол, дуу бүжиг гэх мэт соёлын сэдвээр явуулж ирсэн бол энэхүү 19 дэх удаагийн хичээлийг “Японы цэцэг амилуулах урлаг Икэбана” сэдвийн хүрээнд анх удаа хийснээрээ онцлог байлаа. Хичээлд япон судлалын багш, оюутан 80 гаруй хүн оролцов.
Ази судлалын тэнхимийн япон судлалын хөтөлбөрийн багш, оюутнууд тус хичээлийг Япон Улсын Элчин Сайдын Яамны Соёл, мэдээллийн хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлэв. Элчин сайд айлдсан үгэндээ “Япон хэл, соёлыг судалж буй оюутан залуус та бүхэн цаашид улам ихийг сурч, Япон, Монгол хоёр улсын найрамдалт харилцаанд хувь нэмэр оруулаасай хэмээн хүсэж байна” гэж онцлон хэллээ.
Зочин багшаар икэбанагийн Соогэцү урсгалын багш Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий хатагтай Игавахара Эико уригдан оролцож, багш, оюутнуудад таван төрлийн икэбана урлан үзүүлэв. Түүнчлэн 8 багт хуваагдан өөрийн икэбанаг бүтээсэн оюутнуудыг удирдан чиглүүлж, зөвлөн заалаа.
Ташрамд дурдахад, икэбана нь Японы уламжлалт цэцэг амилуулах урлаг бөгөөд Японд анх 6 дугаар зуунд буддын шашинтай хамт дэлгэрсэн, бурханд цэцэг өргөх ёслолоос үүсэлтэй. Хожим урлагийн хэлбэр болон хөгжиж, өнөөдөр 3000 гаруй урсгал, сургууль байдаг гэж үздэг. Тэдгээрээс хамгийн алдартай нь Икэнобоо, Охара, Соогэцү урсгалууд юм. Соогэцү урсгал нь 1927 онд Японы икэбана урлагийн мастер Тэшигахара Соофүүгийн үүсгэн байгуулсан орчин үеийн икэбанагийн урсгал бөгөөд “хэн ч, хаана ч, ямар ч материалаар” бүтээл туурвиж болно гэсэн чөлөөт, орчин үеийн үзэл баримтлалаараа онцлогтой.
Япон судлалын багш, оюутнуудад мэдлэг чадвараа харамгүй хуваалцан сонирхолтой хичээл зааж өгсөн Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын гэргий Игавахара Эико, арга хэмжээг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Япон Улсын Элчин Сайдын Яамны Соёл, мэдээллийн хэлтсийн хамт олонд гүн талархал илэрхийлье.
МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ






