Япон судлалын оюутнууд япон соёлыг бодитоор мэдэрч, суралцлаа

Энэ жил Монгол улсад япон хэлтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 50 жилийн ой тохиож байгаа билээ. Энэ ойн хүрээнд МУИС, ШУС, ХУС-ын Ази судлалын тэнхимийн Япон судлалын салбар 2025 оны 5-р сарын 9-нд Тэрэлжийн “Тэнгэр ресорт”-д “Цайны ёслол” сэдвийн дор хээрийн хичээлээ амжилттай зохион байгууллаа. Энэ хичээл нь тус салбарын оюутан, багш нарын хамтын оролцоотойгоор 18 дахь жилдээ уламжлал болон явагдаж байгаа юм.
Хээрийн хичээлийн үеэр Япон судлалын багш, профессор С.Баттулга уламжлалт цайны ёслолыг газар дээр нь бодитоор харуулж, соёлын талаарх мэдлэгийг гүнзгийрүүлсэн бол 3-р түвшний оюутнууд цайны ёслолын түүх, утга агуулга, философи зэргийг танилцуулсан үзүүлэн хичээл бэлтгэж оролцлоо. Хичээлийн дараа оюутнууд цайны эдлэл хэрэгсэлтэй танилцаж, өөрсдөө хийж үзэх боломж олгосон нь энэ хичээлийн нэг онцлог болсон юм.
Нийт 8 багш, II-IV түвшний 60 орчим оюутан оролцсон тус үйл ажиллагаа нь зөвхөн сургалтын нэг хэсэг байгаад зогсохгүй багийн уур амьсгалыг бүрдүүлэх онцгой боломж болов. Хичээлээс гадна байгалийн сайханд нэг өдрийг хамтдаа хөгжилтэй өнгөрөөж, Япон орны талаарх ойлголтоо улам бататгадаг энэ үйл ажиллагаа нь япон судлалын салбарын оюутнуудын хамгийн хүсэн хүлээдэг арга хэмжээнүүдийн нэг билээ.
МУИС, ШУС, ХУС
АЗИ СУДЛАЛЫН ТЭНХИМ