ҮҮСЭЛ, ХӨГЖЛИЙН ТҮҮХ

БНМАУ-ын (хуучин нэрээр) сайд нарын зөвлөлийн 1940 оны 12-р сарын 06-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Университет (МУИС) байгуулах шийдвэр гарч 1942 онд МУИС мал эмнэлэг-зоотехник, хүн эмнэлэг, багш нарын факультет гэсэн гурван салбартайгаар хичээллэж эхэлсний дотор физик-математикийн багшийн анги байсан бөгөөд хичээл сургалт ба удирдлага зохион байгуулалтын олон талт ажлыг ЗХУ-аас ирсэн эрдэмтэн багш нар гүйцэтгэж байсан юм.

Математик компьютерын сургууль нь анх 1942 онд МУИС-ийн анхны гурван факультетын нэг болох Багш нарын факультетын салбар болон байгуулагдсан. МУИС-д анх байгуулагдсан 7 тэнхимийн нэг нь математикийн тэнхим байсан.

1946 онд физик-математикийн багшийн мэргэжлээр анх 18 хүн төгссөний дотор онц сайн шалгагдсан Б.Батжаргал, С.Дашиймаа, Н.Содном нарыг тус сургуульд багшлуулахаар шийдвэрлэжээ.

1954 онд Л.Шагдар Москвагийн Их сургуульд магадлалын онолын чиглэлээр физик-математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалснаар Монголын анхны математикч эрдэмтэн болжээ.

Математикийн анхны олимпиад 1960 онд проф Л.Шагдар, доц. Д.Ишцэрэн нарын санаачилгаар Улаанбаатар хотын сурагчдын дунд явагджээ. 1964 оноос манай улсын сурагчдын баг олон улсын математикийн олимпиадад оролцож эхэлсэн.

МУИС нь 1961 оноос математикч, математикийн багш мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлжээ.

1950-аад оноос Магадлалын онол, математик статистик, 1960-аад оноос Алгебр, 1970-аад оноос Функционал анализ, Тооцон бодох математик, Оновчлолын чиглэлээр үндэсний эрдэмтэд төрөн гарч, тухайн чиглэлийн шавь сургууль үүсэж хөгжсөн.

1974 оны 3-р сард СНЗ-ийн тогтоолоор Математикийн хүрээлэн байгуулагджээ.

1990 онд Алгебрийн чиглэлээр анхны олон улсын хурлыг МУИС-д зохион байгуулжээ.

1991 онд МУИС-д математикийн факультет байгуулагдсан.

1992 оноос Монголын оюутны математикийн олимпиадыг зохион байгуулж эхэлснээс гадна 2005 оноос манай оюутнууд олон улсын оюутны математикийн олимпиадад оролцож, амжилт гаргасаар байна.

1997 оноос математикийн факультет нь Математик компьютерын сургууль болжээ.

2014 оноос МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургууль (ШУС)-ийн  БУС-ын Математикийн тэнхим болон өөрчлөгдөж сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулсаар байна.