Их Британи, Америк судлалын тэнхим нь анх 1956 онд байгуулагдсан Монголын анхны англи хэл судлалын тэнхим юм.

Тус тэнхим нь Британи судлал, Америк судлал, Англи хэлний багш, Англи хэлний орчуулга, Англи хэл, уран зохиолын үндсэн 5 хөтөлбөрөөр бакалаврын сургалт, салбар дундын магистр, доктор, оройн ангийн сургалт явуулж, энэ чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээ, төсөлт ажлуудыг санаачлан гүйцэтгэхийн зэрэгцээ БСШУЯ-наас хэрэгжүүлдэг суурь боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах ажилд идэвхитэй оролцсоор ирсэн.

Мөн тэнхимийн багш нарын санаачилгаар Монголын их дээд сургуулиудын Англи хэлний багш нарын холбоог үүсгэн байгуулж, олон улсын ISSN дугаартай, гадаад, дотоодын мэргэжилтэн, эрдэмтдийн багаас бүрдсэн сэтгүүлийн редакци бүхий “Mongolian Journal of English Language and Culture Studies” мэргэжлийн сэтгүүлийг англи хэлээр эрхлэн гаргадаг.

Их Британи, Америк судлалын тэнхимийн гадаад харилцааны үндэс нь 1956 онд ЗХУ-аас уригдан ирсэн мэргэжилтэн багш нар англи хэл зааж эхэлснээр тавигдсан бөгөөд энэ ажил өргөжин тэлсээр ИБУИНВУ-ын элчин сайдын яам, АНУ-ын элчин сайдын яам, Британий зөвлөл, Энх тайвны корпус, Английн сайн дурын байгууллага болон Англи, Америкийн төр, олон нийтийн байгууллага, иргэдтэй идэвхитэй харилцаж, хамтран ажилласаар ирсэн. Уг хамтын ажиллагааны хүрээнд гадаадын эрдэмтэн судлаачдын лекц, сургалт, семинар явуулах, хэл шинжлэл, орон судлалын материаллаг баазыг бэхжүүлэх, анги танхимыг тохижуулах ажлыг үе шаттайгаар тогтмол зохион байгуулдаг. Түүнчлэн МУИС-ийн хүндэт доктор Д.Р.Пикаскийн нэрэмжит тэтгэлгийг жил бүр тэнхимийн 10-15 оюутанд олгодог бөгөөд 100.000 орчим америк долларыг давхардсан тоогоор 300 гаруй оюутан, судлаач багш нарт олгож суралцах хугацаанд нь дэмжлэг үзүүлжээ.

Манай тэнхим өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд 3000 орчим мэргэжилтэн, боловсон хүчин бэлтгэн гаргасан бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд бакалавр, магистрын түвшний 350 гаруй суралцагч, 12 багш, 1 гадаадын мэргэжилтэн багш, 1 туслах ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.