Товч түүх

Гадаад хэл сургалтын төв нь МУИС-ийн мэргэжлийн бус ангийн гадаад хэлний сургалтыг бакалавр, магистр, докторын түвшинд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэйгээр 2010 онд байгуулагдсан. Төвийн бүрэлдэхүүнд хуучнаар ГХСС-ийн Орос хэлний тэнхим (1942), ЭЗС-ийн Англи хэлний тэнхим (1993), Худалдааны Сургуулийн Англи хэлний тэнхим (1993), Магистр, докторын сургалтын албаны дэргэдэх Гадаад хэлний сургалтын төв (2000), НШУС-ийн Гадаад хэлний тэнхим (2003), ХЗС-ийн Гадаад хэл, орчуулгын тэнхим (2003), ОУХС-ийн Дипломат орчуулгын тэнхим (2004)-ийн орос, англи хэлний 60 гаруй  багш, 1 мэргэжилтэн, 4 туслах ажилтны бүрэлдэхүүнтэй ажиллаж байлаа.

Тус төв нь гадаад хэлний шаталсан сургалтыг олон улсын жишигт нийцүүлсэн хөтөлбөр, орчин үеийн арга технологиор явуулж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангасан англи хэлний мэдлэгтэй мэргэжилтэн бэлтгэх эрхэм зорилготойгоор таван бүрэлдэхүүн сургуулийн оюутнуудад мэргэжлийн болон академик англи хэлний сургалт явуулж байгаа бөгөөд жилдээ 8000-10000 оюутан сургалтад хамрагддаг. Төв нь доктор, профессор багш 1, зөвлөх профессор 1, доктор, дэд профессор багш 5, доктор, ахлах багш 6, докторант багш 10, магистр багш 27, туслах ажилтан 2, нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. АНУ, Австрали, Канад, БНХАУ, БНСУ зэрэг хөгжингүй орнуудын тэргүүлэх их сургуулиудад хүмүүнлэгийн ухааны чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан болон мэргэжил дээшлүүлсэн багш нар ажиллаж байна.