ТҮҮХЭН ЗАМНАЛ

МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн харьяа Геологи, Геофизикийн тэнхим нь Монгол улсын үндсэн хууль,  боловсролын тухай хууль, төр засгаас боловсролын талаар явуулж байгаа бодлого, МУИС-ийг хөгжүүлэх төлөвлөгөөний дагуу  олон улсын жишигт нийцүүлэн “геологич”, “геофизикч”  мэргэжлээр бакалавр, магистр, докторын зэрэгтэй, геологи, геофизикийн шинжлэх ухааны олон салбарт ажиллах чадвар бүхий тэргүүлэх зэрэглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг, багш, ажилтан, оюутан залуусын сурч боловсрох, хөдөлмөрлөх, хувь хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх тааламжтай орчныг бүрдүүлсэн  сургалт эрдэм шинжилгээний  байгууллага болох эрхэм зорилготой нэгж юм.

2014 онд МУИС-д явагдсан бүтцийн өөрчлөлтийн дагуу МУИС-ийн Геологийн тэнхим болон Геофизикийн тэнхим нэгдэж Геологи, геофизикийн тэнхим болж өргөжсөн ба одоогийн байдлаар нийт 15 профессор багш, 1 туслах ажилтан, 1 лаборант болон бакалаврын түвшний 200 орчим оюутан, 90 гаруй магистрант, докторанттайгаар сургалт, судалгааны үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Тус тэнхимийн багш, судлаачид зөвхөн сургалт төдийгүй стратиграфи, палеонтологи, палеонологи, геотектоник, структур геологи болон геоморфологи, петрографи-минераграфи, ашигт малтмалын ордын геологийн тогтоц ба хүдэржилтийн гарал үүсэл, бодисын бүрэлдэхүүн, нүүрсний петрографи, шатах ашигт малтмалын геологи, органик геохимийн судалгаа, бүх төрлийн насжилтын судалгаа, эрэл, хайгуул, нөөц баялаг, эдийн засгийн үнэлгээ, төсөв судалгаа, геотехник, гидрогеологи болон газрын доорх усны чанар, тэжээмжийн судалгаа, геофизикийн өгөгдлийн боловсруулалт, тайлалт, петрофизикийн судалгаа, эрлийн /хайгуулын/ геофизикийн судалгаа, дэлхийн царцдасын тогтцын судалгаа, нарын цацрагийн энергийн нөөцийн судалгаа, газар хөдлөл, сейсмологийн судалгаа зэрэг шинжлэх ухааны олон чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэж байна.

Геологи, Геофизикийн тэнхимд “Геологийн суурь судалгааны лаборатори”, “Агаар мандлын оптикийн хэмжилтийн лаборатори”, “Геотехник-дээж бэлтгэлийн лаборатори”  зэрэг судалгааны лабораториуд, “Минералоги-петрографийн лаборатори”, “Шатах ашигт малтмалын лаборатори”, “Хэрэглээний геофизикийн лаборатори”, Палеонтологийн лаборатори, “Геотехник инженер геологийн  лаборатори” “Геофизикийн мэдээлэл боловсруулалтын лаборатори”, “Петрофизикийн лаборатори”, “Астрономийн кабинет” зэрэг сургалтын лабораториуд ажиллаж байна.

МУИС-ийн Геологийн хөтөлбөрийн үүсэл, хөгжлийн түүх

Геологийн  мэргэжилтэй боловсон хүчинг 1960-1982 он, 1991 оноос одоог хүртэл бэлтгэж байна. Энэ  хугацаанд 1991-2010 оны хооронд Геологи-Минералогийн тэнхим, 2010-2014 оны хооронд Геологи, Ашигт малтмалын тэнхимүүд болон сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байсан.

          Анх 1960 оны 4-р сарын 11-ний өдрийн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн ба МАХН-ын Төв хорооны 171/112-р тогтоолын 3-р зүйлийн а хэсэгт “Улсын геологийн ажлыг үндэсний мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилгоор Чойбалсангийн нэрэмжит Улсын Их Сургуулийн Газарзүйн салбарын 1, 2-р ангийг түшиглүүлэн, 1960-1961 оны хичээлийн жилээс Геологийн салбар байгуулан хичээллүүлэхийг Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн /н.Б.Лхамсүрэн/-д даалгасугай.” гэж заасны дагуу тухайн ондоо МУИС-ийн БУФ-ийн Газарзүйн 3-р ангиас 13 оюутныг Геологийн 3-р анги болгон авч шинээр 39 оюутан элсүүлэн хичээллүүлж эхэлснээр Монгол улсад Геологийн дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлжээ. Анхны багшаар тухайн үеийн СнЗ-ийн дэргэдэх Геологи шинжилгээний газрын ахлах геологич Ж.Дүгэрсүрэн ажиллаж эхэлсэн бол 1961 оны эхээр Геологи шинжилгээний газрын геологич Р.Барсболд, Ж.Лхамсүрэн нарыг үндсэн багшаар авч, мөн ЗХУ-аас уригдан ирсэн Петербург хотын Уул уурхайн институтын доцент. дэд эрдэмтэн К.М.Малкова, Львов хотын Их Сургуулийн доцент, дэд эрдэмтэн Ю.Ф.Пекун нар ажилласнаар Геологийн тэнхим (эрхлэгч Ж.Дүгэрсүрэн) байгуулагдаж биеэ даасан салбар болон хөгжжээ. Геологийн тэнхимийн эрхлэгчээр 1962-1965 онд Р.Барсболд, 1966-1967 онд С.Дэмбэрэлдорж, 1967 онд Ж.Ган-Очир нар ажиллаж байжээ. Геологийн салбар нь бүтэц, зохион байгуулалт, сургалтын хувьд харьцангуй бэхжиж, 1963 оны эхээр Минералоги-петрографийн тэнхим байгуулан өргөжүүлж эрхлэгчээр нь Ж.Лхамсүрэн 1967 он хүртэл ажилласан байна.

1967 онд МУИС-д зарим бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбоотойгоор Геологийн салбар БУФ-аас Газарзүйн салбартай хамт салж МУИС-ийн Газарзүй-Геологийн  Факультет байгуулагдсан ба тус факультетийн деканаар Ж.Лхамсүрэн, тэнхимийн эрхлэгчээр С.Дашдаваа нар 1969 он хүртэл ажиллажээ.

1969 оны 7-р сарын 17-ны БНМАУ-ын СнЗ-ийн 247 тоот тогтоолоор МУИС-ийн харьяанд Политехникийн Дээд Сургууль (ПДС) байгуулагдсанаар бүтцийн өөрчлөлт дахин хийгдэж Геологийн салбар Геологи, Уул Уурхайн Факультет (ГУУФ) болон өргөжжээ. ГУУФ нь МУИС-ийн харьяанд 1982 он хүртэл байсан ба энэ хугацаанд Ж.Лхамсүрэн (1969-1971), С.Дашдаваа (1971-1972), Я.Болд (1972-1976), Н.Шийтэр (1976-1977), О.Гомбо (1977-1978), А.Самдан (1978-1982) нар деканаар, С.Дашдаваа (1969-1971), Ж.Лхамсүрэн (1971-1972. 1972-1976), Я.Болд (1972), Ж.Ган-Очир (1976-1978), О.Гэрэл (1978-1982) нар тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ.

ГУУФ-д 1972 онд Уул уурхайн тэнхим (тэнхимийн эрхлэгч Б.Ишмэнд (1972-1982), 1975 онд Гидрогеологийн тэнхим (тэнхимийн эрхлэгч Я.Болд (1975), Н.Батсүх (1975-1982), 1980 онд Геодезийн тэнхим (тэнхимийн эрхлэгч А.Дамдинсүрэн (1980-1982)  шинээр байгуулж байжээ. 1982 оны 7-р сарын 21-ний МАХН-ын Төв Хорооны 227-р тогтоолоор ПДС нь МУИС-иас бие даан салсанаар МУИС Геологийн ангигүй болжээ.

Харин 1991 оноос МУИС-д Геологийн салбар дахин сургалт, судалгааны ажлаа эхлүүлж Геологи-минералогийн тэнхим болон үйл ажиллагаа явуулж иржээ. Дахин геологийн салбарын мэргэжилтэн бэлтгэх энэ ажилд  проф. С.Дашдаваа, проф. Я.Болд,  проф. Л.Жаргал, док. Б.Бат, док. А.Пэрлээ, ШУ-ны док. Д.Бат-Эрдэнэ, ШУ-ны док. Ж.Бямба, док. Д.Доржготов, проф.Д.Чулуун док. С.Дандар, док. С.Авирмэд, док. Б.Дэлгэрцогт болон бусад багш, профессорууд чухал, үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

          Геологи минералогийн тэнхимийн (хуучин нэрээр) эрхлэгчээр С.Дашдаваа (1991-2001), Л.Жаргал (2001-2007, 2011-2014), Д.Доржготов (2007-2009), Х.Уламбадрах (2009-2010), Б.Бат (2010-2018), Ц. Баатарчулуун  (2018 -одоо) нар ажиллаж иржээ.

1994 онд Монгол улсад анх удаа Газрын тосны геологич мэргэжлээр Г.Ган-Отгон, Г.Сандуйжав, Б.Баянжаргал, Ч.Эрдэнэ нарын 4 мэргэжилтэн бэлтгэгдэн гарсан билээ. 1995 оноос Геологи, эрэл хайгуул болон Газрын тосны геологич мэргэжлээр нийт 5 төгсөгч, 1996 оноос эхлэн Геологи, эрэл хайгуул болон шатах ашигт малтмалын эрэл хайгуулын мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн гаргаснаас хойш тасралтгүй өнөөг хүртэл төгсөлт явагдаж энэ хугацаанд геологи, эрэл хайгуул, шатах ашигт малтмалын геологийн эрэл хайгуул, геологи-эрдэс баялгийн менежментийн чиглэлээр бакалаврын түвшинд бэлтгэгдэн гарахаас гадна геологи болон геофизикийн магистр, докторын сургалт явуулж байна.    МУИС-ийн Геологийн салбарт  бүрэлдэхүүн өргөжиж 1993 оноос Д.Оюунцэцэг (1996 он хүртэл), док. Б.Бат, 1994 оноос, док. А.Пэрлээ, ШУ-ны док. Д.Бат-Эрдэнэ  (2005 он хүртэл), 1995 оноос док. Л.Жаргал, 1996 оноос ШУ-ны док. Ж.Бямба, 1998 оноос док. Д.Доржготов, 2005 оноос док. С.Авирмэд, 2009 оноос док. Б.Дэлгэрцогт нар ажиллаж ирлээ. Төгсөгчдөөс 1995 оны төгсөгч Н.Мөнхбилэг (1995-1999; 2009-2017), 1997 оны төгсөгч док. Б.Баатарцогт (1997-2000, 2006-2010) Н.Байгалмаа, С.Оюунгэрэл, Н.Одгэрэл, 1998 оны төгсөгч док. Б.Эрдэнэцогт, 2000 оны төгсөгч Х.Уламбадрах, 2001 оны төгсөгч Д.Нансалмаа, 2003 оны төгсөгч В.Доржмаа (2003- 2016), 2005 оны төгсөгч Л.Оюунжаргал, док. Б.Тамир багшаар одоог хүртэл ажиллаж байна.

МУИС-ийн Геологийн салбарыг өргөжүүлэх, Монгол орны геологийн салбарт эн тэргүүнд шаардагдаж байгаа мэргэжилтнүүдээр хангах зорилгоор Ашигт Малтмалын Хэрэг Эрхлэх Газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу проф. С.Дашдаваа, проф. Я.Болд, проф. Л.Жаргал, маг. С.Оюунгэрэл, Эдийн Засгийн Сургуулийн багш проф. Д.Бямба, геологич Д.Санжаадорж болон бусад багш нар Геологи, эрдэс баялгийн менежментийн ангийн сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж, 2003 оноос нээн хичээллүүлэн энэ мэргэжлийн багш нараар голлон док. С.Авирмэд,  маг. З.Ганбаатар нар ажиллаж ирлээ.

МУИС-иар овоглогдох  нийт 1000 гаруй геологич байдгийн 482 нь 1963-1982 онд төгссөн бол үлдсэн геологич мэргэжилтнийг сүүлийн 20 жилд төгсгөжээ.

МУИС-ийн Геофизикийн хөтөлбөрийн үүсэл, хөгжлийн түүх

1965 онд Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, физик математикийн ШУ-ы доктор, профессор Д.Чүлтэм, физик математикийн ШУ-ы доктор, ОХУ-ын Петрийн шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн, профессор Д.Халтар нарын санаачлагаар МУИС-ийн Физик математикийн факультетийн ерөнхий физикийн тэнхмийн харъяанд “Агаар мандлын оптикийн хэмжилтийн лаборатори” байгуулагдсанаар МУИС-д геофизикийн салбар үүсэж, хөгжих эхлэл тавигдсан юм.

1978 оноос “Геофизикийн оргил” нэртэй нэгж, 1991 оноос МУИС-ийн захирал, ШУА-ийн ерөнхийлөгчийн хамтарсан шийдвэрээр МУИС, ШУА дундын Геофизикийн судалгааны төв, 1992 оноос 2014 он хүртэл “Геофизикийн тэнхим”, 2014 оноос Шинжлэх ухааны сургуулийн “Геологи, геофизикийн тэнхим”-ийн хүрээнд сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулж байна.

1968 оноос МУИС-ийн физикийн ангийн 3-р курсын оюутнуудаас геофизикийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт явуулж эхэлсэн ба 1971 онд Монгол улсад мэргэжил эзэмшсэн анхны 7 геофизикч төгсөлтөө хийж байв. 1993 оноос геофизикч мэргэжлээр элсэлт авч, бакалаврын сургалтыг бие даан явуулж эхэлсэн ба одоогоор 23 удаагийн төгсөлт хийгээд байна. 2002 оноос эрэл хайгуулын геофизикийн чиглэлээр “Хэрэглээний геофизик”-ийн сургалтыг шинээр явуулж эхэлсэн ба 2017 он хүртэл 12 удаагийн төгсөлт хийгээд байна. 2004 оноос дэлхийн хүн төрөлхтөний зайлшгүй хэрэглээ болсон Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр шинэ анги нээн ажиллаж 4 удаагийн төгсөлт хийсэн ба 2011 оноос МУИС-ийн Физик Электроникийн Сургуульд шинээр байгуулагдсан “Хэрэглээний физик”-ийн тэнхимийн харъяанд шилжүүлсэн болно.

МУИС-д геофизикийн салбарыг үүсгэн байгуулагч Проф. Д.Халтар нь 1965-1997 онуудад лабораторийн эрхлэгч, тэнхимийн эрхлэгч, төвийн захирлын ажлыг амжилттай гүйцэтгэж одоогийн сургалт, судалгааны бааз суурийг тавьсан юм. 1997-2009 онуудад Геофизикийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан Проф. Г.Батсүхийн идэвхи санаачлагын үр дүнд  МУИС-д “хэрэглээний геофизик”, “сэргээгдэх эрчим хүч” хөтөлбөрүүдийг шинээр нээж, “геофизик” хөтөлбөрийг шинэчлэх ажлууд хийгдсэн юм. 2009-2014 онд тэнхимийн эрхлэгчээр ажилласан док. Ц.Баатарчулуун нь бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх, сургалт, судалгааны лабораториудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах ажлуудыг амжилттай зохион байгуулсан болно.

Геофизикч, хэрэглээний геофизикч, сэргээгдэх эрчим хүчний инженер мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх үйлсэд Проф. Д.Халтар, Проф. Г.Батсүх, Проф. Н.Түгжсүрэн, Проф. Д.Ганбаатар, Проф. П.Дугараа, дэд проф. Н.Арвисбаатар, ахлах багш С.Лантуу, док. Ц.Баатарчулуун, док. Т.Улаанбаатар, док. Б.Пунцагдулам, маг. Д.Цэндсүрэн, маг. Б.Ганбат, маг. Б.Жавзандолгор, маг. Б.Даариймаа, маг. Т.Нарангарав, маг. Х.Оюунбилэг, Х.Юмсүрэн, Д.Цэндсүрэн, Э.Насанжаргал нар хичээл зүтгэл гарган ажиллаж ирсэн юм.

МУИС-ийн геофизикийн салбарыг нийт 600 орчим мэргэжилтэн бакалаврын зэрэгтэй төгссөнөөс геофизикч 313, хэрэглээний геофизикч 205, сэргээгдэх эрчим хүчний инженер 62 байна. Тус салбарын төгсөгчид эх орныхоо геологи, геофизикийн болон бусад олон салбарт, төрийн болон хувийн байгуулагуудад үр бүтээлтэй ажиллаж байна.