Төсөл, судалгаа

Судалгааны хамрах хүрээг өргөжүүлж, түвшинг дэлхийн тэргүүлэх жишигт нийцүүлэх, дотоодын хамтарсан төсөлд оролцох, гадаадын төсөлд өрсөлдөх чиглэлд ахиц гаран ажиллаж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд гадаад, дотоодын 5 төсөлд шалгарч, хэрэгжүүллээ. Гадаад, дотоодын нэр хүндтэй байгууллагуудтай хамтарч, төсөл хэрэгжүүлэн орчуулгын болон сургалтын ном бүтээл олныг хэвлүүлжээ. Түүнчлэн олон улсын түвшинд хянан магадлагаа хийдэг мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлдэг багшийн эзлэх хувь нэмэгдэж байна.

2017 оноос хойш Европ судлалын тэнхимийн санаачлагаар, жил бүр зохион байгуулдаг “Европ судлал: Олон улсын харилцаа: хэл шинжлэл, орчуулга судлал, гадаад хэлний боловсрол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд АНУ, Орос, Франц, Герман, Польш, Бельги зэрэг орнуудын судлаачид оролцож байна. Тус хурлыг ШУА-ийн Олон Улс Судлалын хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, МУИС-ийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Сити Их Сургууль зэрэг олон байгууллага хамтран зохион байгуулдаг. Уг хурлаар хэлэлцсэн илтгэлүүдийг Европ судлалын тэнхимээс хамтран эрхлэн гаргадаг мэргэжлийн түвшинд хянагддаг “Европ судлал”  сэтгүүл (ISSN 2524-2997)-д хэвлүүлэн гаргаж олны хүртээл болгож байна.

Нийгэмд мэдлэгээр манлайлж, нийгмийн хөгжлийн түүчээ болж, олон улс, бүс нутгийн түвшинд хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Франц хэлээр сургалт эрхэлдэг дэлхийн 100 гаруй орны 900 орчим их, дээд сургуулийг нэгтгэсэн Франц хэлт орнуудын их, дээд сургуулийн холбоо (Agence Universitaire de la Francophonie)-нд 2013 оны 09-р сарын 23-ны өдөр 776 дахь гишүүнээр элссэн бөгөөд одоо Ази номхон далайн бүсэд хамрагдаж байна.

Тус олон улсын байгууллагатай хамтран 2016 оны 06-р сарын 08-ны өдрөөс МУИС-д Франц хэлтэн орнуудын Инноваци, хамтын ажиллагааны төв-ийг нээн ажиллуулж франц хэл сурагцагчдад ном, сурах бичгээр хангах, хэлний орчин бүрдүүлэх, франц хэлтэн орнуудын их, дээд сургуулийн тухай мэдээлэл авах, бие биенээсээ суралцах боломжийг олгож байна. Франц хэлтэн орнуудын Инноваци, хамтын ажиллагааны төв-ийн гол зорилго нь хөгжингүй орны Их, дээд сургуулийн хөтөлбөр, сургалтын арга барил, туршлагыг нутагшуулах, их, дээд сургуулийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэмжих, судалгааны байгууллагатай хамтран ажиллах боломжийг хөгжүүлэх, магистр, докторын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх, инновацийг дэмжих, франц хэлт оюутныг ажлын байранд зуучлах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх зэрэгт оршино. Уг төв МУИС-ийн Номын сангийн 205 тоотод үйл ажиллагаагаа явуулж байна.

Үүний зэрэгцээ тус тэнхим Европын холбооноос хэрэгжүүлж буй төслүүдэд идэвхитэй оролцож ирсэн. Тухайлбал, ERASMUS+PAWER төсөл нь Европын Холбооны санхүүжилттэй дээд боловсролын шинэчлэлийг дэмжсэн төсөл бөгөөд уг төслийн зорилго нь бүс нутаг хоорондын оюутан солилцоог нэмэгдүүлэх, Европын ECTS-кредит системийг Европоос бусад орнуудад хэрхэн харилцан дүйцүүлэх аргачлалыг боловсруулахад чиглэсэн. Ажлын хэсэгт орж ажиллан, багц цаг болон дүн дүйцүүлэх аргачлалын хувилбарыг боловсруулахад оролцсон.