Химийн тэнхимийн мэргэжил сурталчлах өдөрлөг боллоо

МУИС, ШУС, БУС-ийн Химийн тэнхмийн Химич, химийн багш хөтөлбөрөөр эзэмшүүлэх мэргэжил сурталчлах үйл ажиллагаа 2019-04-10-ны лхагва гаригт 14:00-16.00 цагийн хооронд МУИС-ийн номын сангийн байрны 2-р давхарт амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Энэхүү үйл ажиллагааг химийн тэнхимд химич, химийн багш хөтөлбөрөөр суралцаж буй II-IV ангийн оюутнууд химийн тэнхимийн багш нартай хамтран зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн бусад сургууль, тэнхимийн оюутнууд оролцжээ.

Өдөрлөгийн үеэр химийн тэнхимийн танилцуулга, химич, химийн багш мэргэжилтний давуу тал, ажлын байр, мэргэжлийн онцлог зэргийг илтгэсэн презентаци, ханын самбар, сонирхолтой туршилт, хөгжөөнт тэмцээн зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж танилцуулга хийгдсэн байна. Өдөрлөгийн өмнөх жилээс ялгагдах онцлог нь боловсрол, эрдэм шинжилгээ, бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй хими төгсөгчдийн намтар, бүтээл, ажил үйлсийн замнал зэргийг алдаршуулсан байна. Мөн МУИС-ийн химийн лабораторид практик өргөн хэрэглэгддэг зарим материалыг гарган авч буй туршилтын видео үзүүлж, танилцуулсан байна. Түүнчлэн тус тэнхимд ерөнхий суурь эрдмийн хичээл судалдаг I ангийн оюутнууд хичээлээр судалж бүтээсэн бүтээлээ ашиглан сонирхолтой туршилт хийж, тайлбарлаж байсан нь их сонирхолтой байлаа.