1955 онд бүрэн дунд сургууль, 1959 онд МУИС-ийг химич, химийн багш мэргэжлээр төгсгөсөн. 1971-1974 онд Москвагийн Улсын Их Сургуулийн Химийн факультетийн аспирантурыг дүүргэсэн. 1959 оноос одоог хүртэл МУИС-д химийн багшаар (1991-1994 онд БУФ-ын деканаар) ажиллаж байсан.
Багш С.Дондог энэ хугацаанд барилга, цахилгаан, дулааны инженер, эмчилгээ, хүүхэд, эрүүл ахуйн ангиудад Ерөнхий хими, Аналитик химийн лекц, дадлагын хичээл, химийн мэргэжлийн ангид мэргэжлийн суурь хичээл Ерөнхий хими, Органик биш хими, Хими заах аргын лекц, дадлага, семинарын хичээл, ахлах ангиудад Органик биш нэгдлийн синтез, ховор махбодын нэгдлийн химийн мэргэшүүлэх хичээлүүдийг зааж, төгсөх оюутнуудад тойм лекц унших, багшлах дадлагыг тогтмол удирдаж, их, дээд сургуулийн оюутны үзэх Ерөнхий, Органик биш хими, Химийн бодлого дасгалын хураамж, Органик биш химийн лабораторын ажлууд зэрэг иж бүрэн сурах бичиг, гарын авлагын зохион бичсэн болно.
Тэрээр өөрийн сургалтын ажлын туршлагад тулгуурлан, ЗХУ-ын гол гол их сургуулийн Органикбиш химийн хичээлийн хөтөлбөр, ЗХУ-ын Ленинградын багшийн институт, Ардчилсан Герман Улсын Дрездений багшийн институтийн Химид сургах аргазүйн туршлагыг судалсны үндсэн дээр тус их сургуулийн химийн салбарын оюутанд зориулсан Химид сургах аргазүйн хөтөлбөр (1969), Органикбиш химийн хичээлийн хөтөлбөр (1977)-ийг тус тус боловсруулан батлуулж, удаа дараа шинэчлэн сургалтад мөрдөж ирсний дээр Органик биш химиэр мэргэших оюутнуудад Органикбиш нэгдлийн синтез, Ховор махбодын нэгдлийн химийн мэргэшүүлэх хичээлүүдийн лекц, дадлагыг өөрийн нөхцөлд шинээр зааж, химийн ангийн оюутны багшлах дадлагыг олон арван жил тогтмол, чанартай зохион байгуулан удирдаж ирсэн байна.
Багш С.Дондог өөрийн багшлах ажлын эхний үеэс судалгаа шинжилгээний ажлыг хийж, 1960-аад онд химийн хичээл манай орны ЕБС-ийн бие даасан хичээл болж заагдсан тухай, их дээд сургуулийн ерөнхий, органик биш химийн хичээлийн онолын төвшинг дээшлүүлэх, мөн манай орны зарим нуур, цөөрмийн эрдэс давсны бүрэлдэхүүн, айргийн исэхүй явцад гүүний сүүний зарим бичил махбодын хөдлөлзүй зэрэг чиглэлээр судалгаа явуулж байлаа. С.Дондог 1971-1974 онд Москвагийн Улсын Их Сургуулийн Химийн Факультетийн аспирантурт суралцаж, академич Виктор Иванович Спицын тэргүүтэй Зөвлөлтийн эрдэмтэдийн дэргэд судалгааны ажил гүйцэтгэж, өөрийн олж авсан мэдлэг чадвараа олон үеийн шавь нартаа заан сургаж, тэдэнтэй хамтран цахиур, фосфорын хэдэн арваар тоологдох полиоксовольфрамат, полиоксомолибдат, полиоксованадатын давхар комплекс нэгдлийг синтезлэн гаргаж, тэдгээрийн исэлдүүлэх шинж чанарыг цахилгаанхимийн арга болон Cr(II), V(II), Ti(III) зэрэг хүчтэй химийн ангижруулагчид хэрэглэн потенциометрийн титрлэлтийн аргаар судалж, мөн гетерополинэгдэл, гетерополихүчлүүдийн анализын хэрэглээ, каталитик шинж чанарын судалгааг явуулж, судалгааны ажлынхаа үр дүнг дотоодын болон олон улсын эрдэм шинжилгээний бага хурлууд дээр илтгэн хэлэлцүүлж, шинжлэх ухааны мэдээлэл, тогтмол хэвлэлүүдэд нийтлүүлж иржээ. Тэрээр энэ хугацаанд 40-өөд оюутан, 4 магистрантын дипломын ажлыг удирдан хамгаалуулж, эрдэм шинжилгээний хурлуудад 30 гаруй удаа илтгэл тавиулж хэлэлцүүлсэн байна.
С.Дондог нь проф. Д.Дорж, дэд проф. С.Мягмар агсан нарын хамт 1990 оноос ЕБС-ийн сурагчдын дунд Улсын Химийн Олимпиадыг санаачлан зохион байгуулсан бөгөөд удаа дараагийн улсын химийн олимпиадыг “Химичдийн өдөр”, их, дээд сургуулиудын химийн мэргэжлийн оюутны олимпиадаар тус тус өргөтгөн явуулж, ээлжит олимпиадуудын эмхэтгэлийг хэвлэн нийтлүүлж ирсэн нь түүний хичээл зүтгэлтэй шууд холбоотой юм. Мөн тэрээр улсын химийн VII, VIII, X олимпиадыг орон нутагт бэлтгэж, зохион байгуулах үеэр Говь-сүмбэр, Сүхбаатар, Төв, Орхон аймгийн дунд сургуулиудад үлгэр жишээ химийн кабинетуудыг байгуулж өгсний дээр багш, сурагчдад химийн бодлого бодох аргазүй, хийтэй ажиллахуй, химийн цахилгаан гүйдэл хэрэглэж явах зэрэг химийн сорил туршлагын талаар хичээл сургалтын ажлыг өгөөж, үр дүнтэй явуулж иржээ. Түүний анх санаачлан зохион байгуулсан Улсын Химийн Олимпиад улсын хэмжээнд 3 үе шаттайгаар тогтмол явагдан өргөжсөөр сүүлийн 6 жилд Олон Улсын Химийн Олимпиадад манай сурагчид оролцож Англи, Турк, Унгар, Япон, ОХУ-д болсон олимпиадуудаас 6 медаль болон шагналт байруудад шалгарчээ.
Түүнчлэн 1988 оноос МУИС-ийн дэргэдэх химийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг нээн хичээллүүлж, сургалтын төлөвлөгөө, химийн хичээлийн хөтөлбөрийг боловсруулан, эхний жилүүдэд хичээлийг нь зааж химийн мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалтыг эхлүүлсэн болно.
Багш, Хүндэт проф. С.Дондог багшлах ажлынхаа зэрэгцээ оюутан залуусыг сурган хүмүүжүүлэх ажилд хүч хөдөлмөрөө зарж, 7 удаагаа анги даан төгсгөсний дээр багшилж ирсэн анхны үеэсээ оюутан залуусыг улс эх орны хэмжээний нийгмийн тустай хөдөлмөрт үлгэр жишээчээр удирдан зохион байгуулан ажиллаж, Улаанбаатар хотын усан хоолой, дулаан, цахилгааны шугам сүлжээг барьж байгуулах, атар газрыг эзэмших, жил бүрийн ургац хураалт, оюутны зуны ажил зэрэгт 1992 он хүртэл олон жил дараалан ажиллаж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж, төр засаг, яам тамгийн газар, их сургуулийн захиргаа, олон нийтийн байгууллагаас удаа дараа шагнал сайшаал хүртэж ирсэн ба 1962 онд “Хөдөлмөрийн Хүндэт медаль”-иар, 1963 онд МХЗЭ-ийн Төв Хорооны Хүндэт Үнэмлэх, Ардын Хувьсгалын 40, 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медалиуд, 1976 онд Ахлах багш цол, 1989 онд Ардын Боловсролын Тэргүүний ажилтан цол тэмдэг, 1991 онд Дэд профессор цол, 1992 онд Алтан Гадас одон, 2002 онд МУИС-ийн Хүндэт профессор, 2010 онд Атарчдын Алдар медалиар тус тус шагнагдсан байна.
Хүндэт проф. С.Дондог цаг ямагт бие даан боловсрохын төлөө зүтгэж, сургалт, судалгааны ажлыг чанартай хийж ирсний дээр 1960-аад оны сүүл үеэс өнөөдрийн өдрийг хүртэл уран зохиол, яруу найргийн орчуулга хийж, өсвөр үеийнхэн, ард түмнээ дэлхий дахины уран зохиол, яруу найргийн өв сантай танилцуулж ирсэн сэхээтэн юм. Тэрээр дэлхийд нэртэй, Италийн хүүхдийн нэрт зохиолч Жанни Родари, Зөвлөлтийн яруу найрагч Агния Барто, Кабардин Балкарын яруу найрагч Кайсын Кулиев,Шотландын нэрт яруу найрагч Роберт Бөрнс, Оросын суут яруу найрагч А.С.Пушкин, Анна Ахматова, 15-р зууны Францын алдарт яруу найрагч Франсуа Вийон, Дагестаны ардын яруу найрагч Расул Гамзатов нарын тууж, шүлэг найраглалыг эх хэлнээ орчуулан тусгай түүврүүд болгон нийтлүүлсний дээр Орос, Зөвлөлтийн яруу найрагч Андрей Вознесенский, Евгений Евтушенко нарын зэрэг олон яруу найрагчийн шүлэг, найраглалыг орчуулж 1970-аад оноос одоог хүртэл тогтмол хэвлэлд нийтлүүлж, радио телевизээр нэвтрүүлж ирсэн байна.