Биологийн тэнхим нь МУИС байгуулагдсан анхны жил буюу 1942 онд Багш нарын факультетийн бүрэлдэхүүнд байгуулагдсан юм. Тус тэнхим нь тухайн үед хүн эмнэлэг, мал эмнэлэг, багшийн ангийн оюутнуудад биологийн мэргэжлийн хичээлүүдийг заах ажлыг хариуцан гүйцэтгэж байжээ.

Тухайн үед үндэсний биологич мэргэжилтэн байгаагүйн улмаас  ЗХУ-ын эрдэмтэн багш нар  ажиллаж байв. Тухайлбал, нэрт эрдэмтэн, профессор А.Г.Банников (1942-1945)  профессор А.А.Юнатов (1942-1948),  профессор В.Н.Скалон (1945-1947) нар хичээл заахын зэрэгцээ Монгол орны амьтан, ургамлын  аймгийн судалгааг хийж, оюутан залуучуудыг дагалдуулан сургаж байлаа..

Биологийн тэнхим нь Химийн тэнхимтэй хамтран 1951 оноос эхлэн дунд сургуулийн хими-биологийн багш бэлтгэх  бие даасан салбар болон үйл ажиллагаагаа өргөжүүлэв. Хими, биологийн салбар 1958 онд газарзүй, геологи, физик, математикийн салбарыг өөртөө нэгтгэсэн Байгалийн Ухааны Факультет болон зохион байгуулагджээ.

Биологийн  тэнхимээс 1959 онд ХААДС-ийн биологийн тэнхим, 1961 онд ШУА-ийн Байгалийн Ухааны Хүрээлэнгийн Амьтан судлалын сектор тус тус салбарлан байгуулагджээ.

1963 онд Биологийн тэнхим нь Амьтан судлал, Ургамал судлалын тэнхим болон зохион байгуулагдсан үеэс суралцагчдыг биологич-амьтан судлаач, биологич-ургамал судлаачаар мэргэшүүлэн сургаж эхэлжээ. Түүнчлэн 1973 оноос Агнуур зүйч, 1981 оноос Биофизикч, 1982 оноос Биохимич, 1984 оноос Микробиологич, 1989 оноос Экологич, Генетикч, 1990 оноос Ой зүйч, 1994 оноос Уургийн хими ба биоорганик химич, 2004 оноос Байгалийн аялал жуулчлалын менежер (экотуризм) зэрэг мэргэшүүлэх чиглэлүүдээр сургалт явуулж байлаа.

Дээр дурьдсан мэргэжлийн тэнхимүүд нэгдэн 1991 онд Биологийн Сургалт-Эрдэм Шинжилгээний Хүрээлэн болон зохион байгуулагдсан бөгөөд тус хүрээлэнгийн бүрэлдэхүүнд Биофизикийн тэнхим, Уургийн химийн лаборатори, Ой судлалын  тэнхимүүд нэмж харьяалагдсан юм. Тус хүрээлэн 1996 онд Биологийн Факультет, 2010 оноос Биологи, Биотеанологийн сургууль болон өргөжиж МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг болон үйл ажиллагаагаа явуулж байв.

 

 

80 ЖИЛ