“БИОЛОГИЧ ПРОФЕССОРЫН ЗАМ” ЦУВРАЛ ЛЕКЦИЙН ЗОЧИН, ПРОФЕССОР Х.ТЭРБИШ

МУИС-ийн 80 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Биологич профессорын зам” цуврал лекцийн 2022 оны 11-р сарын 4-ний өдрийн зочноор МУИС-ийн профессор, Биологийн ухааны доктор Х.Тэрбиш оролцож, “Ажил, амьдралын он жилүүд” сэдвээр илтгэл сонирхууллаа. Профессор Х.Тэрбиш бага, дунд сургууль, 1970 онд Багшийн сургууль, 1979 онд МУБИС, 1989 онд МУИС-ийн аспирантурыг тус тус төгссөн. Тэрээр 1970-1971, 1974-1975 онуудад Баянхонгор аймагт багшаар ажиллаж, 1971-1974 онд хугацаат цэргийн алба хаасан байна. 1979-1994 онд МУИС-ийн Ховдын салбар сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, хичээлийн эрхлэгч, захирал, 1994 оноос МУИС-д Экологийн лабораторийн эрхлэгч, тэнхмийн эрхлэгч, профессор, зөвлөх профессорын албан тушаалд тус тус ажиллажээ. Тэрээр ийнхүү дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, судлан шинжлэх ажлыг 43 дахь жилдээ эрхэлж байна. Профессор Х.Тэрбиш МУИС-ийн Ховдын салбар сургуулийг багшлах боловсон хүчнээр бэхжүүлэх, сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чанарын өндөр түвшинд эрхлэн зохион байгуулах, лаборатори, кабинет, музей байгуулах, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, заах аргын зөвлөмж боловсруулах, лабораторийн ажил тавих, багш нарыг эрдэм шинжилгээний ажилд дадлагажуулах, сургалтыг эрдэмжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх үйл ажиллагааг биечлэн удирдаж, эрдэм шинжилгээний олон удаагийн экспедицийг амжилттай зохион байгуулсан  билээ. Энэ бүхэн нь цаашид тус сургуулиар бэлтгэх мэргэжлийн тоо, чанарыг өргөтгөн, эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг тэлж, чанарын өндөр дээд түвшинд гаргахад чухал алхам болжээ.

Профессор Х.Тэрбиш орчин цагийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чадварлаг экологич, байгаль хамгааллын биологич мэргэжилтнийг МУИС-иар бэлтгэхэд ихээхэн анхаарч, сургалтын технологийг боловсронгуй болгох, чанарыг сайжруулах чиглэлээр үлэмж ажил гүйцэтгэсэн юм. Tэрээр байгалийн аялал жуулчлалын чиглэлээр бакалаврын түвшний мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг шинээр боловсруулан, сургалтыг үр бүтээлтэй хөтлөн удирдаж иржээ. Профессор Х.Тэрбиш Орос, Монголын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц (1976 оноос өдгөө хүртэл) болон  Баруун Монголын Биологийн төрөл, зүйлийн судалгааны экспедицэд ажиллаж, Хар ус нуурын сав, Хөвсгөл орчмын нутаг, Эг-Сэлэнгийн сав, Алтайн өвөр говь, зарим ТХГН-ийн хоёр нутагтан мөлхөгчдийн судалгааны төслийг удирдан амжилттай зохион байгуулжээ. Х.Тэрбиш Монгол орны байгаль, биологийн төрөл зүйлийг хамгаалах, тусгай хамгаалалттай газар нутгийн менежементийн асуудлаар цуврал бүтээл нийтлүүлсэн нь  байгаль сонирхогчид, биологи, экологи, байгаль хамгааллын салбарын мэргэжилтнүүд, залуу судлаачдын онол, арга зүйн удирдамж болж байдаг билээ.

Өндөр зэрэглэлийн экологич, байгаль хамгааллын биологич, байгалийн аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн, биологийн багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх ажилд профессор Х.Тэрбиш идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж ирлээ. Энэ хугацаанд тэрээр 2 докторын ажил, 18 магистрын ажил, 42 оюутны дипломын ажлыг амжилттай удирдсаны зэрэгцээ 5 докторын зэрэг горилсон бүтээлд албан ёсны шүүмжлэгчээр ажиллажээ. Монгол улсын Ерөнхий боловсролын дунд сургуулийн биологийн сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох талаар профессор Х.Тэрбиш ихээхэн ажил гүйцэтгэсэн байна. Сургалтын шинэ тогтолцоонд шилжсэнтэй уялдан тус улсын Ерөнхий боловсролын дунд сургуульд үзэх биологийн хичээлийн иж бүрэн сурах бичиг бүтээх ажлыг тэрээр удаа дараа амжилттай удирдан зохион байгуулав. Тэдгээр сурах бичиг, гарын авлага, заах аргын зөвлөмжийг манай улсын дунд боловсролын системд сүүлийн 20 гаруй жилийн турш бүрэн хэмжээгээр, тогтвортой ашиглаж иржээ.  Профессор Х.Тэрбиш судалгааны ажлын үр дүнг тусгасан нэг сэдэвт зохиол, тодорхойлох бичиг, гарын авлага, сурах бичиг, заах аргын зөвлөмж, ном, товхимол 89, эрдэм шинжилгээний өгүүлэл, мэдээ 120 гаруйг дангаар болон бусадтай хамтран бичиж нийтлүүлснээс гадна 40 гаруй ном, бүтээлийг хянан тохиолдуулж нийтийн хүртээл болгосон байна. Мөн үлэмж тооны шинжлэх ухааны нийтлэг өгүүлэл, гэрэл зураг нийтлүүлж, байгалийн тухай баримтат кино зохиол бичжээ. Х.Тэрбиш Монгол Улсын ШУА-ийн Биологийн бага чуулганы гишүүн, Монгол улсын Байгаль орчны яамны Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний эксперт, “Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг Олон улсын хэмжээнд худалдаалах тухай (CITES) конвенц”-ийн Монголын талын шинжлэх ухааны зөвлөл, “Биоаюулгүй байдлыг хангах Үндэсний хороо”-ны шинжээчдын зөвлөл, “Байгаль орчны стандартчиллын техникийн хороо”-ны гишүүнээр тус тус ажиллаж, төрөлх эх орныхоо байгалийн нөөц баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах үйлст мэдлэг боловсрол, оюун ухаанаа дайчлан ажиллаж байна. Тэрээр Биологийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, Хүрээлэн байгаа орчин судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дарга, гишүүнээр ажиллаж, өндөр зэрэглэлийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд чухал хувь нэмэр оруулсан судлаач юм.

 

80 ЖИЛ