“Биологич профессорын зам”

МУИС-ийн 80 жилийн ойд зориулан зохион байгуулж буй “Биологич профессорын зам” цуврал лекцийн 2022 оны 10-р сарын 14-ний өдрийн зочноор МУИС-ийн профессор, Биологийн ухааны доктор Р.Самъяа оролцож, “Туулсан замналаа эргэн дурсахуй” сэдвээр илтгэл сонирхууллаа. Проф. Р.Самъяа 1978 онд МУИС-ийг Агнуур зүйч, биологийн багш мэргэжлээр төгссөнөөс хойш МУИС-д  багш, Биологийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, Биологийн Факультетийн декан, Амьтан судлалын тэнхимийн эрхлэгч, МУИС-ийн эрдэм шинжилгээ, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, тэнхимийн профессор зэрэг албан тушаалд тасралтгүй 43 жил ажилласан байна. Проф. Р.Самъяа олон улсын хамтарсан экспедици, төслийн ажилд оролцогч, удирдагчаар олон жил үр бүтээлтэй ажиллаж байна. Тэрээр Монгол – Германы хамтарсан минж нутагшуулах болон баруун Монголын ургамал, амьтны аймгийг судлах экспедици (1975, 1980, 1984, 1988, 1990, 2002); МУИС, Эрхүүгийн их сургуулийн хамтарсан Хөвсгөлийн экспедици (1976-1981) –д ажиллаж, сүүлийн жилүүдэд Тахь, Халиу, Цагаан зээр, Үлийн цагаан оготно, Монгол огодой, Мазаалай, Хүдэр зэрэг дагнасан амьтдын, Ойт хээр, Говь, Дагуурын хээр, Монгол Алтайн жижиг хөхтөн амьтны тархалт, экологийн суурь судалгааны олон төслийг дангаараа болон гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжил нэгт эрдэмтэдтэй хамтран удирдан ажилладаг юм.

Проф. Р.Самъяа их сургуулийн Биологийн салбарын шаталсан сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, сургалтанд багц цагийн тогтолцоог нэвтрүүлэх, сургалтын технологийг боловсронгуй болгох, монголын бүх их, дээд сургууль, коллежид заагдаж байгаа биологийн мэргэжлийн хичээлийн цөм хөтөлбөр боловсруулах, өөрийн болон хөтөлбөрийн үнэлгээ хийх зэрэг олон шинэ ажилд өөрийн хүч хөдөлмөрөө зориулан үр дүнтэй ажиллаж ирсэн.

ХБНГУ-ын Гөттингэний их сургуулийн Байгаль хамгаалах төвтэй хамтран Хэнтийн нурууны баруун хэсэгт Ойт-хээрийн бүсийн экологийн урт хугацааны судалгааны суурин (1997 оноос), ХБНГУ-ын Марбургийн их сургуультай хамтран Говь Гурван Сайханы байгалийн цогцолбор газрын нутагт говийн хуурай гандуу бүсийн экосистемийн судалгааны цэг (1999 оноос), Тахь хамгаалах олон улсын хэсэг (ITG-International Takhi Group) – тэй хамтран Зүүн гарын говийн Бижийн гол, ХБНГУ-ын Баваар мужийн байгаль хамгаалах LBV байгууллагатай хамтран Эхийн голд судалгааны суурин цэг байгуулан гадаад, дотоодын эрдэмтдийг дагалдуулан мэргэшсэн залгамж халааг бэлтгэх ажлыг проф. Р.Самъяа санаачлан, зохион байгуулсан бөгөөд тэнд манай судлаач оюутнууд гадаадын эрдэмтдийн судалгаа шинжилгээний ажлын арга барилаас суралцан эзэмших, тэдний удирдлагаар судалгааны ажилд бие даан оролцож магистрын болон докторын ажлын материал цуглуулах, хээрийн нөхцөлд туршилт судалгаа хийх бүх нөхцлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж иржээ. Зөвхөн Хонин-нуга сууринд ажиллаж байсан монгол оюутнуудаас 5 хүн Германы их сургуульд докторын зэрэг зэрэг хамгаалж нарийн мэргэжил эзэмшсэн нь профессор Р.Самъяагийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх талаар хийж ирсэн олон талт ажлын нэг тодорхой жишээ билээ.

Проф. Р.Самъяа монголын ховор хөхтөн амьтны хамгаалал, жижиг хөхтөн амьтдын биологи, популяцийн экологийн судалгааны чиглэлээр 150 орчим эрдэм шинжилгээний бүтээл туурвисны ихэнх нь Герман, Англи, Орос хэл дээр хэвлэгджээ. Судалгааны ажлын дагнасан чиглэлээр докторын 5, магистрын 20 гаруй, дипломын болон бакалаврын ажил 50 орчмыг удирдан хамгаалуулжээ. ХБНГУ-ын Халле-Виттенбергийн их сургуулиас эрхлэн гаргадаг “Biologische Ressourcen der Mongolei – Монгол орны биологийн нөөц баялаг” цуврал бүтээлийн 9-14-р ботийн редакцийн зөвлөлд ажилласан.

Проф. Р.Самъяа Монголын ховор амьтан хамгаалах комиссын гишүүнээр олон жил ажилласан бөгөөд одоо ХБНГУ-ын Зэрлэг болон агнуурын хөхтөн судлалын нийгэмлэгийн гадаад гишүүн, Олон улсын экологийн урт хугацааны судалгааны Ази, номхон далайн бүсийн зөвлөлийн гишүүн.  Тэрээр мэргэжлийн төрөлжсөн олон байгууллагын (Байгаль хамгааллын биологийн нийгэмлэг, Мазаалай хамгаалах сан, Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын хөхтөн судлалын нийгэмлэг, Монголын ан агнуурын холбоо гм) тэргүүн, тэргүүлэгч гишүүн, гишүүний үүрэг гүйцэтгэж, “Зэрлэг амьтны менежмент” сэтгүүлийг эрхлэн гаргаж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

80 ЖИЛ