“Биологич профессорын зам”

Биологийн тэнхимийн санаачилгаар зохион байгуулж байгаа “Биологич профессорын зам” сэдэвт ахмад профессор багш нарын цуврал лекцийн 2022 оны 5-р сарын 12-ны өдрийн зочноор биохимийн хөтөлбөрийн ахмад багш доктор, профессор Дондогийн Пүрэв оролцож, “Монгол Улсын Их Сургуультай холбогдсон 50 жил” сэдвээр лекц сонирхууллаа.

Тус лекцэнд ШУС-ийн биологийн тэнхим, химийн тэнхим, ХШУИС-ийн хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор багш нар, Этүгэн Их сургуулийн багш, оюутнууд, биохими, биотехнологийн мэргэжлээр сурч төгссөн шавь нар нь болон одоо сурч байгаа оюутан залуус оролцлоо.

МУИС-ийн профессор Д.Пүрэв нь 1970 онд Москвагийн Улсын Их Сургууль (МГУ)-ийг биохимийн мэргэжлээр төгсөн МУИС-д ирж ажилласнаас хойш биохимийн мэргэшүүлэх хөтөлбөрт тасралтгүй 50 гаруй жил ажиллан Монгол улсад биохимийн шинжлэх ухаан, түүний амин сүнс болсон энзимологийн сургалт, судалгааны ажлын үндэс суурийг үүсгэн байгуулсан, олон арван шавь төрүүлсэн, эрдмийн арвин бүтээлтэй багш билээ.

Профессор Д.Пүрэв Монгол Улсын Их Сургуульд Биохимийн хөтөлбөр хэрхэн бий болж хөгжиж ирсэн, тус хөтөлбөрийг хөгжүүлэхэд ажиллаж, өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн багш нарын талаар болон биохими, энзимологийн судалгааны чиглэлээр хийсэн ажлын үр дүнгээ танилцууллаа.

Багш сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт  бүтээл 12 бичиж хэвлүүлэн, 55 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, 5 бүтээл редакторлан, орчуулгын бүтээл 1, оюуны өмчийн бүтээл, патент 4-ийг батлуулснаас гадна 2 докторын, 20 гаруй магистрын, 90 гаруй бакалаврын ажлыг удирдан хамгаалуулжээ.

Д.Пүрэв багшийн шавь нар Монгол улсын боловсрол, шинжлэх ухаан, анагаах ухаан, хүнс, хөдөө аж ахуйн салбарт өөрийн хүч хөдөлмөрөө түгээн багшийнхаа ажил үйлсийг үргэлжлүүлэн явж байна.

80 ЖИЛ