“Биологич профессорын зам” цуврал лекц боллоо

Биологийн тэнхимийн санаачилгаар “Биологич профессорын зам” сэдэвт ахмад багш нарын сургалт, эрдэм шинжилгээний түүх, замналыг оюутан залууст таниулах, профессор багш нараа алдаршуулах зорилго бүхий үйл ажиллагааг 2019 онд эхлүүлсэн юм. МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд ахмад эрдэмтэн багш нар маань олон жилийн хүч хөдөлмөрөө зарцуулсан судалгааныхаа ажлын үр дүнг танилцуулах, цаашдын судалгааны чиглэлээр зөвлөгөө, сургамжаа өгөх юм.

“Биологич профессорын зам” цуврал лекцийн 2022 оны 3-р сарын 17-ны өдрийн зочноор Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн эмерит профессор, Физик-математикийн шинжлэх ухааны доктор Түвдэний Гун-Аажав оролцож, “Монгол Улсын Их Сургуульд Биофизикийн шавь сургууль үүсэн хөгжсөн нь” сэдвээр илтгэл сонирхуулав. Профессор Т.Гун-Аажав нь 1963 оноос МУИС-ийн Физик-математикийн факультетын Ерөнхий Физикийн тэнхимд багшаар ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэл МУИС-тай ажил, амьдралаа холбон ажиллаж байна. Профессор Т.Гун-Аажав Монгол Улсын Их Сургуульд Биофизикийн шавь сургууль үүсгэн байгуулсан тухай, Биофизикийн тэнхимийн багш, ажилтнуудын хамт цөмийн физикийн аналитик аргуудыг биологи, биофизикийн судалгаанд хэрэглэх, дээд ургамлын фотосинтезийн биофизикийн судалгаа, хэт ягаан гэрлийн биологи үйлчлэлийн судалгаа, дээд ургамлын навч, эд, эсийн биоцахилгаан потенциалын болон квант биохимийн судалгааны чиглэлээр хийсэн ажлын үр дүнгээ танилцууллаа. Профессор Т.Гун-Аажав судалгааны хэд хэдэн багаж төхөөрөмжүүдийг зохион бүтээж сургалт судалгаанд ашиглаж, арваад шинэ бүтээл, оновчтой саналын гэрчилгээ авч, 200 гаруй сургалт, эрдэм шинжилгээний бүтээл гадаад, дотоодын хэвлэлүүдэд нийтлүүлсэн байна.

80 ЖИЛ