Биологич профессорын зам

Биологийн тэнхимийн санаачилгаар “Биологич профессорын зам” сэдэвт ахмад багш нарын сургалт, эрдэм шинжилгээний түүх, замналыг оюутан залууст таниулах, профессор багш нараа алдаршуулах зорилго бүхий үйл ажиллагааг 2019 онд эхлүүлсэн юм. МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд ахмад эрдэмтэн багш нар маань олон жилийн хүч хөдөлмөрөө зарцуулсан судалгааныхаа ажлын үр дүнг танилцуулах, цаашдын судалгааны чиглэлээр зөвлөгөө, сургамжаа өгөх юм.

“Биологич профессорын зам” цуврал лекцийн 2022 оны 4-р сарын 14-ний өдрийн зочноор Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн профессор, Биологийн шинжлэх ухааны доктор Цагаанбандийн Цэндээхүү оролцож, “Монгол Улсын Их Сургуульд биологи, ботаник, ургамлын физиологийн чиглэлээр явуулсан сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагааны он жилүүд” сэдвээр илтгэл сонирхуулав.

МУИС-ийн профессор, ахмад багш Ц. Цэндээхүү нь МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбар, Биологийн тэнхим, Ургамал судлалын мэргэшүүлэх хөтөлбөрт тасралтгүй 48 жил (1965-2013) ажилласан, эрдэм номын арвин бүтээлтэй нэртэй эрдэмтэн багш юм. Ц.Цэндээхүү нь ургамлын физиологийн шинжлэх ухааны сургалт, судалгааны ажлын үндэс суурийг Монгол улсад анхлан тавьж, шавь сургуулийг үүсгэн байгуулж хөгжүүлсэн.

Ц.Цэндээхүү 1972-1982 онд байгалийн ба таримал чацарганы уураг, өөх тос, сахар, аргаах бодис, аскорбины хүчил зэрэг үндсэн ба физиологийн идэвх бодисын байршил хөдлөл зүйг судалсны зэрэгцээ арчилгаа, агротехник, ургац хураах үр жимсний болцаг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой зөвлөмж боловсруулсан.1982-1992 онуудад чацарганы популяцийн хувьсал, генетик нөөц, удмын сангийн судалгааг хийж, чацаргана бүхий бүх нутгийг хамруулан шинж тэмдгийн удамших хувьслын анализ хийж, генийн газарзүйн тархалтыг анх удаа хийжээ. Байгалийн ба таримал чацарганы судалгааны үр дүнгээр 2 монограф, 1 ном, 30 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн. Чацарганы Монголика дэд зүйлийн үүсэл гарал нь манай улсад онолын асуудал болж, гадаад улс оронд сонирхогдож улмаар Монголын чацарганы олон улсын үнэлэмж нэмэгдсэн байна. Тэрээр 1975-1995 онуудад Байгалийн чацарганыг иж бүрэн судалсан ганц эрдэмтэн юм.

Ц.Цэндээхүү нь 12 шинжлэх ухааны доктор, 60 боловсролын доктор, доктор, 10 магистрын эрдэм шинжилгээний ажлыг удирдан хамгаалуулж,  22 сурах бичиг, 16 гарын авлага, 100 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн.

80 ЖИЛ