СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ТӨЛӨВЛӨГӨӨ

Сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, материаллаг бааз, ном сурах бичиг бэлтгэх, чадавхжуулах хүрээнд АНУ-ын Веннер Грен (Wenner Gren) сангийн Институтын хөгжлийг дэмжих тэтгэлэг (Institutional Development Grant), Европын холбооны “TAСIS” хөтөлбөр, Нээлттэй нийгэм хүрээлэнгийн Эрдмийн тэтгэлгийн хөтөлбөрийн (Academic Fellowship Program) хүрээнд Британийн Кембрижийн Их Сургууль, Данийн Оденсийн Их сургуультай хамтран сургалтын хөтөлбөр, багшлах боловсон хүчин, сургалтын материаллаг бааз-лаборатори, номын санг олон улсын жишигт хүргэн байгуулсан.

Мөн 2004 оноос гадаад орны мэргэжлийн болон мэргэжлийн бус оюутнуудад зориулан тусгай хөтөлбөрөөр зуны сургалт тогтмол явуулж байгаа бөгөөд одоогоор нийт 20-оод орны 50 гаруй оюутнуудыг сургалтад хамрууллаа. Түүнчлэн салбарын судалгааны болон сургалтын  үйл ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгаа Монголын түүх, археологийн дурсгалыг хамгаалах үндэсний төв, Хүн ам зүйн сургалт судалгааны төв, Жендер судлалын төв, Археологийн судалгааны төв, Археологийн лаборатори, Био-археологийн лаборатори, төвүүд тэнхимийн дэргэд болон хамтран үйл ажиллагаа явуулж байна.

Антропологи, археологийн тэнхим антропологи, археологи, хүн ам зүйн мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалтын хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Мөн суралцагсад антропологи, археологи, хүн ам зүйн шинжлэх ухаантай холбоотой угсаатан судлал, музей судлал, соёлын өвийн судлал, хүн ам зүй судлал, жендер судлал, хөгжил судлалын чиглэлээр сургалт явуулж байна. 

Антропологийн хувьд монгол үндэстэн, угсаатнуудын түүх, хэл, соёл, аж ахуй, шашин шүтлэг, ёс заншил, зан үйл; мөн дэд салбарууд болох улс төрийн антропологи, шашны антропологи, эдийн засгийн антропологи, ураг төрлийн антропологи, экологи, байгаль орчны антропологи, хөгжлийн антропологи, урлагийн антропологи, дүрслэлийн антропологи гэхчлэн олон чиглэлээр суралцах боломжтой. Антропологийн хөтөлбөрийн агуулга дотор нийгэм, соёлын антропологи гэсэн ерөнхий хэсэг болон биологийн антропологи, хэлний антропологи, хөгжлийн антропологи, археологийн антропологи гэх мэт  дэд хэсгээс бүрдэх бөгөөд сонгох суралцах хичээлийн жагсаалтаас оюутнууд эдгээр чиглэлийн аль нэгийг дагнан гүнгийрүүлэн суралцах боломжтой. Мөн био-антропологи болон археологийн мэргэжлийг хослуулдаг био-археологийн чиглэлээр сургалт гүнзгийрүүлж судалж болно.

Археологийн мэргэжлээр гүнзгийрүүлэн эртний үе, хүннүгийн үе, эзэнт гүрний үеийн гэхчлэн түүхэн үеүдээр, Сибирийн, Хятадын, Монголын гэхчлэн бүс нутгийн археологийн судлалаар мэргэших боломжтой. Харин биологийн антропологийн хувьд өргөн агуулгаараа монголын эртний болон орчин үеийн хүн амын антропологийн судалгааны чиглэлээр суралцах болно. Энд эртний хүн амын судлал тэдний угсаа гарвалийн судалгаа, хоол хүнс, өвчлөлийн судалгаа, аж ахуй түүний гарал үүсэл, хувьсал хөгжлийн судалгаа, орчин үеийн хүн амын судлал дотор шүд судлал, алганы хээ судлал, хүүхэд залуучуудын бие бялдрын өсөлт хөгжлийн чиглэлээр сургалт явуулж байна. .

Хүн ам зүйн хөтөлбөрөөр сурснаар хүн ам, хөгжил, нийгэм, эдийн засагтай холбогдолтой тоо мэдээллийг цуглуулах, боловсруулах, шинжлэх, тайлбарлах, хүн амын ба хөгжлийн асуудлуудын чиг хандлага, харилцан уялдаа, шалтгаан, үр нөлөөг судлан тайлбарлах, хөгжлийн төлөвлөлт, үнэлгээнд тусгах чиглэлээр шинжлэх ухааны мэдлэг, ур чадварыг олгоно.

 

 Бакалаврын хөтөлбөр

  1. Антропологийн бакалаврын хөтөлбөр (PDF хавсаргасан)
  2. Археологийн бакалаврын хөтөлбөр (PDF хавсаргах)
  3. Хүн ам зүйн бакалаврын хөтөлбөр

Магистрын хөтөлбөр

  1. Антропологийн мэргэжлийн магистрын хөтөлбөр (PDF хавсаргав)
  2. Антропологийн сургалтын магистрын хөтөлбөр (PDF хавсаргав)
  3. Археологийн магистрын хөтөлбөр (PDF хавсаргав)
  4. Хүн ам зүйн магистрын хөтөлбөр (PDF хавсаргав)

Докторын хөтөлбөр

  1. Антропологийн докторын хөтөлбөр (PDF хавсаргав)
  2. Археологийн докторын хөтөлбөр (PDF хавсаргав)
  3. Хүн ам зүйн докторын хөтөлбөр (PDF хавсаргав)
  4.